Зүрх зүсэм түүх
“Цаасан шувуу наадуулагч” зохиолдоо эцэг хүүгийн хайрыг гайхамшигтай харуулж чадсан Халлед Хоссейн зохиолч дараагийн удаа ээж охин хоёрын тухай өгүүлэхээр шийдэж “A Thousand Splendid Suns” эхлүүлсэн гэнэ. Харин хувь заяаны эрхээр нэг нөхрийн хоёр эхнэр болсон Мариам Лайла хоёр ээж охин хоёр шиг амьдарч чадах болов уу?
Хэний ч мэдэхгүй газар аавдаа гологдсон жаахан охин Мариам ээжийнхээ хамт амьдардаг байжээ. Дөнгөж арван тавхан настай охины амьдрал, хувь заяа хэдхэн өдрийн дотор шийдэгдэж өөрөөсөө үе мултарсан Рашид гэх гуталчин эрийн эхнэр болж Кабул хотруу явлаа. Хар нялхаараа хүүхэд гаргах гэж хэд хэдэн удаа эндсэний эцэст нөхөртөө нэр хүндгүй, гэрийн нэгэн зарц болон хувирах нь тэр. Удам залгах үр хүүхэд гаргах үүргээ гүйцэтгэж чадаагүй түүнийг Рашид элдвээр доромжилж, дээрэлхэхийг тэсэж тэвчсэн он жилүүд хөвөрсөөр.
Эхлээд Зөвлөлтүүд дараа нь Талибуудын гарт орсон Афганчуудын амьдрал өдрөөс өдөрт дордсоор. Дайн дажины муу муухайг амсалгүй өнгөрсөн хүн, айл өрх гэж үгүй. Тэдний нэгэн бол Лайла охины гэр бүл. Хоёр ахаа алдсаны дараа эцэг эхийн хамт Пакистанруу явах тэр өдөр байшин нь бөмбөгдөлтөд өртөж хөөрхий охин өөрт байсан бүхнээ алдлаа. Аав ээж, найз хөвгүүн, ангийн охид, бүгдийг нь хар дайн авч оджээ. Амиа алдах шахсан түүнийг хөрш Рашид нь олж иржээ. Мариам Рашид хоёр Лайлаг хөл дээр нь босголоо. Үеийн хөвгүүн Тариктай үерхэж, бүр хүүхдийг нь тээж байсан жаахан охинд Рашидын хоёр дах эхнэр болохоос өөр сонголт үлдсэнгүй.
Бие биенээ ойлгох амаргүй байлаа. Хоёр эхнэр нэгэн дээвэр дор эвтэй найртай амьдрана гэдэг амар гэж үү? Эхлээд үл ойлголцол, дараа нь хэрүүл, тэгээд уучлал. Хөөрхөн охин гаргасан ч Рашидад таалагдсангүй. Дааж давашгүй тэвчээр, зодуур, доромжлол Мариам Лайла хоёрт яг адилхан ирэх боллоо. Талибуудын тогтоосон эмэгтэйчүүдийн эрхийг боогдуулсан этгээд дүрэм журам, өлсгөлөн, хүчирхийлэл, Рашидын аймшигт зодуурыг даван туулахад бие биенээ гэх сэтгэл, Азиза охиноо гэх хайр л хоёр эхнэрийг нэг хүн шиг болгож чадлаа. Тэр хоёр хэдий удаан тэсэх бол? Сайн сайхан цаг ирэх тэр үеийг Мариам Лайла хоёр хамт үзэж чадах болов уу?
“Мянган нарны цацраг” нэртэйгээр Д. Болдбаатар багш маань Монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдынхаа хүртээл болгосонд талархаж байна. Мөн зохиолчийн “Уулсын цуурай” номыг санал болгож байна.