Олсон хэдээсээ охиныхоо төлбөрийг болгож яваа намайг хараад зарим хүмүүс шоолдог юм. Хүүхэд хаана ч сурсан хүн болно гэж. Тиймээ, үнэн. Гэхдээ охиноо би өөр шигээ боловсролын тогтолцооны тоглоом болгохгүйн тулд хичээж байна. 20 гарсан хойноо хүний нутагт олон орны хүүхдүүдийн чинээнд “сурч” сураагүй, “сууж” сураагүй, хэл усыг нь ойлгохгүй, наад захын газар зүй, түүх, биологийн мэдлэггүйдээ ичдэг тийм хүүхэд болгохгүй юмсан гэсэндээ хичээж байна. Би уг нь бүгдийг нь сурсан юм. Даанч надад юу ч үлдээгүй шахуу.
Ирээдүйд хоолоо олж идэх чадамжтай, ухаан санаа нь цэгцтэй, юм юмны зах зухаас мэддэг биш, харин өөрийнхөө юу хийж чаддагаа, юунд дуртайгаа мэддэг тийм хүний бэлдэх тухай би дээр нэг бичвэртээ дурдаж байсан.
Тарагийн “Боловсорсон” түүхийг уншихын өмнө хичнээн зуун мянган долларын үнэтэй боловсролыг нэгэн ядуу охин олж авсан байх гэж бодоод тойроод л байсан юм. Харин уншихад хэцүү бас буцаагаад тавихад ч хэцүү энэ номын сүүлийн хуудсыг хаахад тэс өөр бодолтой үлдсэн юм.
Хүчирхийлэл дунд, мунхагийн туйл дунд, мэдрэлийн өвчтэй эцэг эхийнхээ дунд хүн болж, амь зуух аргад арай ядан суралцаж буй бяцхан охины түүхээр эхэлсэн энэ зохиол (яг л зохиол)-ыг дэлхий дахинаа шимтэн уншиж байна. Аймшигт амьдралаас мултран гарах ганц гарц нь боловсрол гэж ойлгосон жаахан охины шазруун зан, хэнээр ч заалгаагүй хэр нь ойлгохыг хичээж буй тэр хичээнгүй төрх, яг л нүдний өмнө болж буй мэт.
Төмрийн хаягдлын газар ажилладаг аав, нөхөртөө үнэнч ээж, шашиндаа, хүчирхийлэлдээ дурласан ах эгч нар гээд Тарагийн эсрэг зогссон гэр бүл. Бүгд түүнийг одоо ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Хайр халамж гэж юу байдгийг мормоны шашны амьд үлдэгсдээс мэдрээгүй түүнд соёлт ертөнцөд хөл тавина гэдэг хэцүү байсан, энэ бүх мэдрэмжээ бичиж үлдээжээ. Эрхэм зүйл, мөн чанарт хар цагаан бүхий л тал байсан байх. Аав ээжийн хайрыг арай өөр замаар хүлээн авч, байгальд ойр байж, дэлхий ертөнц сүйрэхэд хамгийн түрүүнд амьд үлдэх ёстой хүмүүсийн нэг байх хүмүүжлийг олж авсан Тара соёлт ертөнцөд хөл тавьтлаа хүчирхийлэл дор амьдардаг байсан гэх.
Охиныг сурч боловсроход тусалсан хэд хэдэн томоохон сургууль болон нэрэмжит тэтгэлгийг дурдах нь зарим хүмүүсийн хувьд Америкийг хэт сурталчилсан мэт санагдаж мэдэх ч Тарагийн бага насны амьдрал болон мэдрэмжийг нь уншихад үнэхээр сонирхолтой.
Боловсрол үнэгүй байх хэрэгтэй гэж үздэг ч, өнөөдрийн энэ нийгэмд үр хүүхдэдээ гэр бүлийн сайн хүмүүжил олгохоос гадна олигтой боловсрол олгочих юмсан гэж боддог над шиг залуу эцэг эхчүүдийн зөв гэдгийг баталсан ч юм шиг. Залуус уншаад үзээрэй.