Эхнэрээсээ салж буй эр хүний нүдээр ертөнцийг харах шиг боллоо. Зураач залуугийн өөрийгөө хайсан эрлийг Мураками нөгөө аргаараа тайлбарласан байна. Дандаа л ганцаараа амьдарч, өөртэйгөө ярьж, нөхөртэй хүүхнүүдтэй харилцаанд орж үргэлжилдэг түүний зохиолуудыг завсартай уншихгүй бол бүүр нэг эморох гээд байдаг юм.
Хэрэв танд Норвегийн ой, Өнгөгүй Цүкүри зэрэг зохиол таалагдсан бол энэ зохиол ч мөн таалагдана. Харин үйл явдал хөөж, өөрөө галзуу төсөөлдөг бол энэ зохиол үнэхээр уйтгартай.
Юу чамайг аз жаргалтай болгодог вэ гэж өөрөөсөө асууж байсан уу? Ихэнх хүмүүс мөнгө л гэдэг юм. Мэдээж, мөнгөөр маш олон зүйлийг авч болно. Зарим хүмүүс гэр бүл маань гэх байх, харин зарим нь ганцаардал гэж магадгүй. Энэ зураач харин гэнэт эхнэртээ хаягдаад аз жаргалтай байсан эсэх, амьдрал нь яажшуухан үргэлжилж байснаа эргэн бодож орох оронгүй баахан тэнүүчилсээр эцэст нь буйдхан газарт өвгөн зураачийн урланд ирж өөрийгөө олж буй тухай өгүүлнэ.
Өмнөх бичвэрүүддээ би бас хэлж байсан, түүний зохиолоос та Япон хоол, сакэ, гэйша хайгаад хэрэггүй гэж. Тиймээс аль ч хэлээр орчуулагдсан бай залуус шимтэн уншдаг байж магад, учир нь өнөөдөр миний урд байгаа хар кофег тэнд ч гэсэн ууж байгаа учраас. Мөн түүний зохиолуудын салшгүй нэг хэсэг болох хөгжим. Өвгөн зураачийн үлдээгээд одсон сонгодог хөгжмийн цуглуулга түүнийг өөрийгөө хайж олоход болон өмнө нь дэлгээтэй байх зурагны учрыг олоход ихээ тусалсан байх.
Маш нуршуу, багахан санааг бараг 700 хуудсанд шингээнэ гэдэг амаргүй. Орой бүр бага багаар явахгүй бол зарим хэсэгт нь бүр унтана. Дээр нь өгүүлэгч өөртөө таалагдсан болон өөртэй нь нэг хөнжилд орсон бүх эмэгтэйн хөхийг маш сайн дүрсэлнэ. Эрэгтэй хүний нүдээр харахад хүүхэдтэй, хүүхэдгүй, хөгшин, залуу гээд Япон эмэгтэйчүүдийн хөх болон чихний хэмжээг харин ч сайн мэдэж авлаа хэ хэ.
За тэгээд унжуу, нуршуу ном унших дургүй хүмүүс эхний хуудсыг нээгээд ч хэрэггүй шүү. Шал дэмий ном санал болгосон гээд намайг буруутгаж мэднэ.
Харин Муракамигийн ертөнцөд дуртай залууст дахиад нэг гоё мэдрэмж өгнө. Уншаад үзээрэй!