Хүн төрөлхтөнг юу аврах вэ?
Тооцоолсны дагуу Гурван биет гарагийнхан дэлхийд 400 жилийн дараа ирэх тухай мэдээ дэлхий дахинаа зарласан тэр мөчөөс эхлэн бүгд бужигнаж эхэллээ. Ирэх ирэхдээ биднийг эзлэх нь тодорхой. Учир нь дэлхийн шинжлэх ухааны суурь судалгаа, хөгжлийг хааж, оюунлаг бөөмсийн тусламжтайгаар дэлхий дахинд юу болж байгаа тухай мэдээллийг байнга авч байгаа учир бид яаж ч төлөвлөөд нэмэргүй.
Хүн төрөлхтөн бид юу хийх хэрэгтэй вэ? Эв нэгдлээ эрхэмлэх нь хамгаас чухал. Ялан дийлэх үзлийг ирээдүйн үр хойчид суулгах нь бас юу юунаас чухал байлаа. Хэзээ ч ийм зүйлтэй нүүр тулж үзээгүй хүмүүн бид оргон зайлах, уртаар нойрсох гэх мэт амьд үлдэх олон янзын гаргалаа гаргасны нэг нь ХАНА ШИРТЭГЧ гэх сонин нэртэй албан тушаалд 7 тэрбум хүнээс дөрвийг сонгоно. Энэ хүмүүсийн гол үүрэг нь стратегийн хувьд цаашид хэрхэн ажиллах, энэ тулаанд хэрхэн ялах гарцыг олохоос гадна хүмүүн төрөлхтний ариун эцэг, аврагчийн дүрд орох явдал юм.
Энэ дөрвөн хүний нэгээр Сансарын нийгэм судлал гэгчийг сонирхон судалдаг Луози гэх Хятад эр сонгогдоно. Үнэндээ тэр өөрөө ч мэдэлгүй ийм албанд томилогдон ихээ эрх ямба эдлэх эрхтэй болсон ч бас л өөртөө дэндүү итгэлгүй, юу хийхээ ч мэдэхгүй байлаа.
Хүн төрөлхтнийг юу аврах тухай өнөө гурван Хана Ширтэгч мэргэн мэргэн санаа гаргах хэдий ч тэдний эсрэг Хана Эвдэгч бас гарч ирэн өнөө аугаа санааг няц даран өөрсдийг нь үгүй хийнэ. Харин Луозигийн эсрэг хүн нь өөрөө гэдгээ ч мань хүн мэдэхгүй эхнэр хүүхэдтэй болж жаргалтай сайхан амьдарсаар. Түүнийг Гурван Биет гарагийнхан хөнөөх сэдэлтэй байдаг ч өндөр хамгаалалт дунд байдаг болохоор яаж ч чадахгүй байсаар байлаа.
Ойрын хэдэн жилдээ олигтой ахиц гарахгүйгээс гадна хүн ард тэр байтугай Сансарын Флотын дайчдад ялан дийлэх үзэл суулгана гэдэг том асуудал болно. Төөрч будилсан дэлхийн хоёр Хана ширтэгч бүтэлгүйтэж, нөгөө хоёр нь (Луозиг оролцуулаад) урт хугацаагаар унтахаар шийджээ. Учир нь эдгээр сонгогдсон хүмүүсийн оюун ухаан ирээдүйд хэрэгтэй.
Ингээд тэднийг 185 жилийн дараа нойрноос сэрэхэд дэлхий мэдээж хөгжиж, газар доор ертөнцийг бий болгосон байна. Хана ширтэгчдийн адил өөр хөрөнгөтэй хүмүүс их хэмжээний мөнгө төлж удаан хугацаагаар нойрсох үйлчилгээ авч болдог болсон байх бөгөөд энэ олон жил унтаад эргээд сэрэх боломжтой болсон байжээ. Луозиг гайхшруулсан нэг зүйл бол түүнийг хөнөөх гэсэн оролдлого сэрсэн цагаас нь эхлээд хийгдэж, Хана ширтэгч эрхээ хасуулан жирийн иргэн болсон түүнд энэ хорвоод амьд явах нь бүр ч хэцүү болно.
Учир нь дэлхийн хөгжлийн дэвшлээр түүний хаана байгаа, юу идэж байгаа, хэнтэй байгаа гэх бүх мэдээлэл ил учир харь гаригийнхан системийг нэвтлэн аллага үйлдэх нь гарцаагүй. Түүний амьд үлдэх ганц арга бол Нойрноос сэрэгсдийн орон буй газар дээр гарч амьдрах байлаа.
Гараг дэлхийн Сансарын флот маш сайн хөгжиж 2000 гаран байлдааны хөлөг онгоцтой болсондоо бахдан баярлах нь дэндүү эрт байсныг илтгэх аймшигт тулаанд Гурван Биет гарагийнхан ялна. Тэгвэл дэлхийг юу аварсан байж болох тухай та үргэлжлүүлэн уншаарай.