Жилдээ хоёроос гурван удаа яг нэг айхтар эморох юм. Уншина гэж машиндаж, дуу хөгжим яруу найрагт дурлаж, кофе дарсанд шунаж хэсэг суудаг үе дуусахын алдад толгой тархи сэргэн, галзуу барын аманд гараа хийхээс буцахаа больж, хэрээс хэтэрсэн ажлууд санаанд багтаад, юу ч санаачилж хийсэн амжилттай болоод, үүний араас мөнгө төгрөг ч орж ирээд…
Надад мод цавчих зургаан цаг өгвөл би дөрвөн цагийг нь сүхээ ирлэхэд зарцуулна гэж Абрам Линкольн хэлсэн байдаг.
Миний нөгөө эморол бол сүхээ ирлэдэг цаг нь юм шиг байгаа юм. Ихэнх гол ажлууд маань яг ийм эморлын араас гарсан байх юм.
Өдөр бүр бичиж, бүтээж гэмээнэ чадавхижина гэж сургуульд заалгасан юм уг нь. Тэр ч үнэн л дээ, гэхдээ яг одоогийн байдлаас өөрийгөө харахаар нэг хэсэг хийгээд нэг хэсэг тархиа цэнэглэж хэсэг суух нь зүйтэй мэт.
Өдөр бүр ямар нэг өөрчлөлтийн тухай ярьдаг найзууд байдаг. Гялс турмаар байна, эрүүл амьдралын хэв маягтай болмоор байна, гадаад хэл сурмаар байна гэх мэт уулзах бүрт нэг л сэдвээ ярьсаар олон ч жил өнгөрлөө. Яагаад хүссэндээ хүрч чадахгүй байна гэж надаас асуувал “Хүссэн зүйлийнхээ төлөө шунаагүй, хүч нөөцөө зарцуулаагүйгээс болсон” гэж хэлэх байх. Тэгэхээр өөрөө өөрөөсөө ингэж асуух хэрэгтэй.
– Чи яг юу хүсч байна вэ?
– Яагаад үүнийг хүсээд байна?
– Хүссэн зүйлдээ хүрэхэд юу саад болоод байна?
– Яаж хүрмээр байна?
– Хүссэн юмаа олж авахгүй бол юу алдах гээд байна?
гээд асуусан асуултын хариултууд уурыг чинь хүргэх байх.
Нэг л өдөр болчих байх, нэг л өдөр турчих байх, нэг л өдөр гадаад хэлээр сайн ярьдаг болчих байх, нэг л өдөр мөнгөтэй болчих байх гэсэн бодлууд өөрийгөө зөвтгөх хамгийн хөнгөн арга.
Шунахгүй бол, хүсэхгүй бол, тэмцэхгүй бол, зовохгүй бол юу ч ирэхгүй. Бүлээн ус шиг амьдралтай хүмүүс бусдад атаархаж, бусдын амжилтыг үгүйсгэж, эсвэл даган дуурайх гэж оролдоно. Олон зүйлд сэтгэл хангалуун бус хэр нь энэ бүгдэд дандаа бусдыг буруутгана.
Ажилдаа дуртай ч юм шиг, дургүй ч юм шиг, лизингээ төлөөд, хорвоогийн бор хоног, шар өдрүүдийг өнгөрөөж байгаа бол өөрөөсөө бас ингэж асуугаад үзээрэй.
– Сүүлийн хэдэн сард ямар нэг байдлаар өөрт чинь, амьдралд чинь сайн өөрчлөлт гарсан уу?
– Сүүлийн хэдэн сард биеийн галбир, амьдралын хэмнэлээ өөрчлөе гэж бодож байсан бол ядаж хэвлийн өөх чинь багассан уу?
– Сүүлийн хэдэн сард ажлаа тогтмол сайн хийсэн бол ямар нэг байдлаар санхүүгийн байдал чинь дээрдсэн үү?
Хэрэв хариултууд нь ҮГҮЙ бол эрс өөрчлөлт хийх цаг нь болсон байх. Үүний тулд
– Шинэ соргог, өөрт сонирхолтой зүйлд багахан ч гэсэн цагийг өнгөрүүл
– Шинэ найз нөхөдтэй бол
– Дандаа сонин содон зүйл ярьж, уншсан мэдсэнээ хуваалцаж байдаг хүмүүсийг сошиалаар дага
– Ажил гэрийнхээ замыг солиод үз
– Ажилдаа тогтмол сайн биш харин хийж буй зүйлдээ мэргэжлийн үүднээс хандаж эхэл
– Хамгийн гол нь ҮР ДҮНд анхаарлаа хандуул
“Яаж тан шиг болох вэ?” гэж нэг хүн надаас асуухад нь “Нөхрөөсөө салаад, ганц бие ээжийн амьдралаар амьдраад, миний хувцсыг өмсөөд, миний замаар яваад үз” гэсэн юм.
Хэзээ ч хэн нэгэн шиг болох гэж битгий хичээгээрэй. Өөрийнхөө л хамгийн сайн хувилбар байхад аяндаа бүх зүйл сайхан болно.