Ажлын онцлогоос ч юм уу, арай олон цагийг ном гэгчид зориулан оюуны цангаагаа тайлдаг болоод ч тэр үү энд тэнд явахдаа ихээ өлөн нүдтэй байдгаа анзаараад л байдаг. Зарим газар нь чимээгүй өнгөрдөг ч зарим газарт бол чангахан дуугараад авна. Хамгийн чанга дуугардаг газар бол ажлын байр.
Өдөр бүр харилцагч, хамтрагчдаас олон янзын имэйл хүлээн авна. Албан ёсны хэдий ч үг үсгийн хувьд алдаа мадагтай, утга агуулгын хувьд хэцүүхэн, бүр заримдаа уншиж ойлгохын аргагүй юм олон ирнэ. Хариу имэйлийг сайтар бодож, ядаж хүлээн авагч маань хараад, сураад аваасай гэж бодож бодож илгээхэд харин өдсөн аятай бүр хэцүү хариу барина. Тэр үед гагцхүү “Энэ хүн ном уншдаг ч болоосой” гэж эрхгүй бодогддог юм.
Ном сэтгүүл байнга шагайдаг хүний үг нь цэгцтэй, утга ойлгомжтой, хэлж ярих өнгө аяс таатай байдаг. Хэдхэн үг эвлүүлэн бичиж чадахгүй бол хичнээн олон хэлээр надтай мэндлээд ч нэмэргүй.
Ном гээч олон ертөнцөөр аялуулж, олон хүнтэй танилцуулахаас гадна оюул бодлыг цэгцэлж, таашаал өгдөг гэдгийг уншдаггүй хүн яахин ойлгох билээ. Арга барахдаа л “Монгол хэлээрээ ном уншаарай” гэж захихав. За тэгтэл “Ямар ном унших вэ?” гэсэн асуулт өөдөөс тавина.
Хэдэн жилийн өмнө сэтгүүлд ажилладаг байхдаа нэг бузгай Англи хэлтэй эгчид тэсгэл алдаад “Та Монгол хэлээрээ ном уншиж байгаач” гээд хэд хэдэн зохиолын нэр дурдаж билээ. Хэдэн сарын дараа харин мань хүн “Чиний хэлсэн өнөө Дамдинсүрэн энэ тэрийг чинь уншсан ш дээ, тэгээд ч сайжрахгүй байна” гэж авч билээ. Дамдинсүрэн энэ тэр гэсэн үгсэд нь баахан гомдсон би хэлэх үггүй болоод өрөөнөөс нь гарч билээ. Хожимоо нэг өдөр “Эгчийнхээ орчуулсан номыг сонирхох уу? Сайн зармаар байна” гэхэд нь инээд хүрсэн ч бас дотроо баахан өрөвдсөн дөө.
Яруу сайхан гэдэг үгийг хэдэн буурал өвгөдөд л хэлмээр санагддаг. Д.Норов гуайн шилмэл бүтээлүүдийг үгүй мөн олон хүнд хэлж явна. Үгийн яруугаас гадна, сэтгэлийн яруу сайхан энд оршино. Үгээр дамжуулж хүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг юутай их авьяас билээ. Зохиол бүтээлийг шимтэн уншиж, нандигнан хайрлаж, сэтгэлийн цэнгэл эдлэгчдэд “Үхэл хүлээх газар”, “Мөнхийн дуудлага” гээд нэр хэлэх төдийд баясан ам уралдана. Харин ТЭЖЭЭВЭРҮҮДЭД бол тооно, аргал, хөх өвгөн, малчны хотны тухай л зохиол болов уу.
Арван үгтэй өгүүлбэрийнхээ учрыг олохгүй яваа бол, гашуун үг надаас сонссон бол та энэ номноос эхлээрэй. Монгол хэлээ ядаж эндээс сурах юм шүү.