The Art of Creative Thinking гэж номын зохиогч Rod Judkins өнөө сахалт Сальвадор Далиг ингэж бичсэн байсан. Хүн бүр өглөөний нарыг харж, үдэш сарыг үзэж, заяасан 24 цагтаа амьдраад байдаг хэр нь яагаад тэр хүн зураач, дизайнер, зохион бүтээгч, барималч, зурагчин, зохиолч, кино найруулагч болж тэр олон салбарт амжилт гаргасан юм бол гэсэн асуултыг тавиад орхисон байсан. Би энэ асуултыг хариултыг “Дуртай зүйлээ хийхдээ хүн цаг хугацааг анзаардаггүй бөгөөд тууштай, сэтгэлээ шингээсэн бүхэн өөрийн гэсэн үнэ цэнийг өгдөг” гэж хэлмээр байна.
Хятад хэлний дуун хөрвүүлэгч Болдбаатар багш маань хүнд “Залуу нас, эрүүл мэнд, цаг хугацаа гэсэн гурван үнэт эрдэнэ бий” гэж хэлдэг. Тэгвэл Сальвадор Далитай адил дуртай зүйлдээ цаг хугацаагаа зарцуулахад болохгүй зүйл үгүй. Заавал Дали болох гэсэндээ биш, хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун, олж буй орлого чинь бүхий л хэрэгцээг хангаж, ар гэртээ амар тайван байхыг сайхан амьдрал гэх гээд байгаа хэрэг.
За тэгээд яг маргаашнаас эхлээд гялалзуулаад өгнө өө гэж бодоод сэрэхэд хамаг бие нозоороод юун эрт босох, ном унших, англи хэл сурах… Маргааш гэж өдөр бас байна, тиймүү? Энэ мэт өөрөө өөртөө чөлөө өгсөөр сүүлдээ бүр энэ тухай бодохоор дургүй хүрч олигтойхон орчинд өссөн бол, аятайхан сургууль төгссөн бол, аав ээж мөнгөтэй байсан бол, авгай маань арай дээр байсан бол гэх мэт буруутан хаанаас ч хамаагүй олоод дулаахан хөнжилдөө фэйсбүүкээрээ эх орноо хөгжүүлээд хэвтэх ч сайхан даа. Амьдрал сайхан байна аа!
Тэгсэн нэг өглөө сэрээд фэйсбүүкээ шалгасан чинь ангийн чинь охин Англид зэрэг хамгаалсан гэнэ үү? Авгайн дүү цалингаа нэмүүлээд шинэ байранд нүүгээд орчихсон байгаа биз? Эсвэл хааяа хамт уудаг найз чинь хичээл энэ тэр заагаад бүр гараад өгсөн байгаа биз? Тэгдэг юм, хүмүүс өөрчлөгддөг юм, хөгждөг юм.
Ажлынхантайгаа, IT салбарынхантай яриад суухад миний уншиж судлах, зах зухаас нь ч болтугай гадарладаг болчих юмсан гэсэн бодол хатгаад байх нь хэцүү. Нэгэнт гүйцэхээсээ өнгөрснөөс хойш ганц хийж чадах зүйл болох номыг нь л уншихаас хэтрэхгүй. Энэ бүхнийг огт анзаарахгүй яваад, өөрийнхөөрөө тайван байхын арга алга, энэ технологи, энэ дэлхий чинь арай л хурдан хөгжөөд, энэ сүүлийн үеийн хүүхдүүдийн чинь яриа хүртэл ойлгогдохоо болилоо.
Аан тэгээд араас нь болтугай гүйе гэсэн болж байна аа. Цаг хугацаагаа л зөв хуваарилах хэрэгтэй юм байна. Гэхдээ хүссэн болгоноо хийх гэж ийш тийш гүйхэд баримтлах хэдэн дүрэм байх хэрэгтэй.
1. Чи одоогийн ажилдаа дуртай юу гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Учир нь өдрийн 8 цагийг өнгөрөөж байгаа ажил, хамт олон, авч буй цалингийхаа өмнө та өндөр хариуцлага хүлээх хэрэгтэй. Хийнэ, чадна л гэсэн бол ажлын байрандаа өөр хувийн зүйл хийлгүй, өөрт оногдсон ажлаа ян тан гүйцэтгэх юм.
2. Үндсэн ажлаас гадуур орлого олмоор бол өөрийнхөө хамгийн дуртай, сонирхдог зүйлээсээ эхлэх. Үнэхээр дуртай бол хүн хэзээ ч цаг гаргаж чаддаг юм. Өглөө эрт, эсвэл гэрийнхнийгээ амарсан хойно, эсвэл амралтын өдрийн тодорхой цагийг энэ ажилдаа зарцуулж занших юм.
3. Хүнд хэзээ ч битгий хоосон амла. Хүний итгэлийг алдахгүйн тулд чадахгүй барамгүй, амжихааргүй ажил бол зоригтойгоор ҮГҮЙ гэж хэлж сурах.
4. Өөрийгөө хөгжүүлэх цагийг өдөрт ядах хагас цаг ч болтугай гаргаж байх. Онлайн сургалтууд, мэргэжлийн ном сэтгүүл, баримтат кино, янз бүрийн уулзалтууд гэх мэт хүн өөрийгөө хөгжүүлэх маш олон боломж бий болсон цаг.
5. Эрүүл мэнддээ байнга анхаарч байх. Спортоор хичээллэж, явган алхаж, ууланд гарах нь биеийн дасгал хөдөлгөөн болохоос гадна тархи сэргээж, сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг.
Энэ бүхнийг хэвшүүлээд сурчихвал өнөө олон хов жив ч сонин санагдахаа байна. Хүмүүс ярьж л байг, элдэв зүйлд санаа зовниж олноороо хошуурч л байг.
Яаж амжуулаад байна гэж асуугаад байдаг найз нартаа хэлэх юм байна аа.
– Цаг төлөвлөлтйн хувьд ажлын байрандаа би Office365-ийн программудыг ашигладаг. Ажлын төлөвлөгөө, тэмдэглэлийн дэвтэр, хурлын тэмдэглэл, дуудлага, мессеж гээд бүх зүйлээ бид үүгээр амжуулдаг. 8 цагийн ажлыг маш их хөнгөвчилдөг дөө. http://www.office365.mn/
– Дуртай номоо уншихад амрыг нь бодож Kindle-ээр болон М+ аппликейшн хэрэглэдэг.
– Зураглал хийхэд хэдийнээс хэрэглэж ирсэн SimpleMind аппликейшн. https://simplemind.eu/ Манай найз нар андахгүйдээ, өнөөхөө зураад өгдөг болохоор.
– Хамгийн гол зүйл бол өөртэйгөө суваг таардаг найз нартайгаа хааяа ч болов уулзаж, шинэ содон зүйл сонсож, санаагаа хуваалцах дуртай.
Гаднаас нь харахад технологийн боол болчихсон мэт санагдаж байна уу. Үгүй дээ. Үүнээс олон нандин харилцаа, ар гэрийн амар тайван амьдрал бидэнд байх хэрэгтэй.
Ганц олдох амьдрал ажлын боол болмооргүй байна гэж нэг танил минь надад хэлж байсан. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг. Үр хүүхэд өсөхийн хэрд өнөө хэддээ гологдож, өвөө нь насаараа фэйсбүүкийг хөгжүүллээ гэж хэлэх болов уу.
Өөрийн хийж буй зүйлдээ эзэн нь болж, өрөөлтэй эвтэй, эргээд харахад гишгэсэн мөртэй, ижий аавынхаа сэтгэлд хиргүйхэн шиг явах нь энэ амьдралын утга учир болов уу гэж бодож байна.