Өглөө эрт болохоор тэнд олон хүн байсангүй. Дугаар ч авах шаардлага байсангүй. Ганцхан хүний араас болохоор би чиний эгнээнд ээлжээ хүлээн суусан. Дүрэмт хувцасгүй, аятайхан цагаан цамц өмсөж, үс гэзгээ сайхан янзалсан болохоор чинь сэм ажиглана. Гуч дөнгөж шүргэж яваа болов уу гэмээр.
Гэнэт чиний дуу өндөрсөж өмнөх хүний цаасыг бараг шидэх нь холгүй юм болов. Ээ хайрхаан, ийм хөөрхөн царайд яасан зохимгүй юм бэ гэж бодохуйд өнөө урд нь сууж байсан хижээл эр амандаа бувтнан босоод явчихав.
– Сайн байна уу,
– (Дуугарсангүй)
– Би татварын асуудлаар ….
– Юу юм?
– Шилжилт хөдөлгөөн хийлгэх гээд
– Юу яриад байгаа юм? Чи манай дүүрэг юм уу?
Юу ярихав дээ. Асуудлаа л ярих санаатай. Яагаад ч юм чиний өнөө сайхан төрх огт үгүй болж, намайг бушуухан гараасан гэсэн янзтай хам хум хөдөлж, дэвтэрлүү минь хяламхийн буцаагаад миний урд шидчихэв.
Тэгснээ урдахаа точигнуулан намайг системээсээ хайж байгаа бололтой. Би яагаад уурлаад байгаа шалтгааныг чинь хайх гэсэн шиг нүдийг чинь ширтсэн боловч харц тулгарахгүй гэсэн шиг, бүр сонсмооргүй байна гэсэн шиг. Уруул чинь үл мэдэг татвалзахыг үзвэл өнөө системээсээ намайг олоогүй бололтой.
– Өөр дүүрэг байж энд юугаан хийж яваа юм бэ? Тэр Чингэлтэйдээ оч!
Үүнээс сайхан үг чамаас сонсоогүй. Үнэн байдлыг чинь хэлмээр байсан ч үгээ залгилаа. Одоо юм хэлвэл чи асна, уурлана.
Чи бол Төрийн албанд нэр төртэйгөөр зүтгэхээ амалсан залуу Монгол эмэгтэй. Тэнд хэлж амжаагүй хэдэн үгээ чамд энэ хэлье
– Ажилдаа дургүй чинь илт харагдсан. Учир нь намайг урдаа суулгачихаад хоёр ч удаа фэйсбүүкээрээ хүнд хариу бичсэн. Дургүйд хүчгүй гэдэг үнэн. Хэн нэгэн чамайг хүлээд тэнд ажиллуулаагүй бол бусад төрийн албан хаагчдынхаа нэр хүндийг сэвтээлгүй өндөр суудлаа тавиад явсан нь дээр.
– Чиний ажил ядаргаатай бас дарамттай гэдгийг бид мэднэ. Тэр болгоныг уулзсан хүн бүртээ ойлгуулах гэж, харуулах гэж хичээх чинь хэцүү. Нэгэнт чадна, хийнэ гэж тэр суудалд очсон бол битгий шантар.
– Гадаад үзэмж чинь үнэхээр сайхан харагдсан. Анхилам сүрчигний чинь үнэрт согтох шахснаа нуугаад яахав. Ажлын байрны соёл гэж байдаг юм шүү дээ. Тэр үнэр хүн бүрт таалагдах албагүй, чи ямар болзоот залуугаа хүлээж байгаа биш.
– Чиний урд суух над шиг хүмүүс бүгд асуудлаа шийдчих санаатай л байгаа. Чиний орон зай, хувийн амьдралд огт хутгалдаагүй. Хүнтэй мэнд мэдэж сурна гэдэг хамгийн энгийн хүмүүжил.
– Тавхан минут урд чинь суухад чи бараг таван удаа гар утсаа шалгасан. Цаг хугацаа гэдэг хамгаас үнэтэй. Чамд ч тэр надад ч тэр.
– Авдаг цалиндаа сэтгэл хангалуун бус байгаа бол өөрийгөө хөгжүүл, тэгээд өөр ажил хай. Чиний үеийн залуус сарын гурав дөрвөн сая төгрөгний цалин аваад, ажлыг бол умалзуулж байна гэвэл чи надад худлаа ярь гэх биз. Монгол залуус мундаг болсон шүү. Боловсролоо дээшлүүлж, өөрийн толгойгоо шудрагаар үнэлүүлж байна.
– Гоо сайхандаа цаг харамгүй гаргадаг чинь сайхан засаж янзалсан хумс, хөмсөгний чинь шивээсээс харсан. Яг түүн шигээ сэтгэлийнхээ амар амгаландаа цаг зав гаргаж сураарай. Тэгвэл ядаж өглөөд сэргэг, өдөрт цовоо байдаг юм.
Эцэст нь хэлэхэд залуу хүнийг залуу нас, урам зориг, хүсэл мөрөөдөл чимдэг юм. Харсан болгондоо уурлаж, хэлсэн болгоныг хэмлэвэл эгээ л хэдхэн жилийн дараа чамд очих газар, уулзах хүн үгүй болох вий.