Алив зах зээлд үнийн өрсөлдөөн байж л байдаг. Сонголт нь байгаа цагт захиалагч тал үнээр өрсөлдүүлэх нь дүрэм мэт. Гэвч үнийн өрсөлдөөн дээр нэмээд бас нэг өрсөлдөөн ч гэх үү, дарамт ч гэх үү асуудал бол хувийн ашиг сонирхол. Товчоор хэлбэл хулгай!
Ажлаа ч хийсэн, анд нөхөдтэйгээ ч уулзсан, амарч зугаалсан ч зөвхөн өөрт юу наалдах бол гэж бодож явдаг хулгайч нараас залхаж байна.
Томоохон төслөөс эхлэн хэдхэн төгрөгний худалдан авалтад хүртэл өөрт унах ашгийг бодсон хүмүүсээс болж бизнесийн эрүүл харилцаа үгүй болж, эс дагах аваас ажил ч үгүй ашиг ч үгүй хоцорно.
Тэдний хүртэх хувь янз бүр. Имэйл, утсанд хариу өгөхгүй нэг хэсэг алга болно. Гэнэт гарч ирэхдээ их ууртай гарч ирнэ. Яг үнэндээ яах гээд байгаа нь мэдэгдэхгүй баахан дүрэлзэн, утсаар холбогдохоор “за тэгээд уулзъя” гэнэ. Уулзахаар баахан болж бүтэхгүй гэсэн эрсдэл ярихаас эхлээд, уг нь өөр хүн ч байна л даа гэх мэтээр буланд шахна. Үнэхээр нөгөө тал үнээрээ цохиод гараад ирсэн бол би тэнд дахин дахин үзэгдээд яахав дээ гэж бодтол сэтгэл санаагаар унагана. Тэгэж тэгэж хэдэн хувь хэдийд яаж авахаа өгөх гэж байгаа хүний амаар хэлүүлнэ. Яг л энэ мөчийг хүлээж байсан тэрээр эмзэг хэсэгт нь хүч нэмж хувь өсгөх тоглоом эхэлнэ дээ.
Ийм бохир аргаар эхэлсэн зүйл угаасаа л явцгүй. Үйлчлүүлэгч байгууллагадаа үр дүнгээ өгч, үнэт зүйлийг бий болгоод байгаа юм уу, өнөө нөхрийн амьдралыг дээшлүүлээд байна уу гэж эргэлзтэл тэр ажил будилна, бужигнана. Асуудал гарахад өнөө нөхөр хамгийн түрүүнд тоглоомноос зугатана, өвдөнө, эмнэлэгт хэвтэнэ, эсвэл өөр нэг төсөл дээр үнэн завгүй гүйнэ. Ерөөс хутгагч, хулгайч гэж нэрлэе!
Өөрийнхөө байгууллагаас төлбөр төлүүлчихээд өөрийн биеэр ирж хувийн данс руу нь буцааж хийхийг шаардаж байсан хүнтэй ч таарч явлаа. Үнэндээ тийм нөхдүүд дараа нь хичнээн сайхан бизнес ярьж орж ирээд ч нэмэргүй юм билээ. Хамгийн түрүүнд толгойд, хулгайч л биз гэсэн бодол орж ирээд төвөгтэй. Амьдралд өнгө нэмэх гял цал зүйлд мөнгө зарах гэж хулгай хийж байгаа тэд өөрийн нэр төрөө, гэр бүлийн нэрээ бас үгүй хийж байгаа гэдгээ мэддэг болов уу? Хулгай хар мөртэй гэдэг!