Анх ажилд орж байхад ээж минь “Хүн бүртэй сайхан харилцаж байгаарай. Ялангуяа тэр цэвэрлэгч эгч нартайгаа ялгалгүй сайхан хандаж яваарай” гэж захиж байсан юм. Хүн ялгаж харьцана гэдэг угаас боломгүй араншин гэж багаас мэддэг ч яагаад ингэж захисны учрыг дараа нь л мэдсэн юм.
За тэгээд бүгдтэй нь сайхан мэндлээд л, инээгээд л, байдгаа хуваагаад л, кофе цайг нь зөөгөөд л гүйгээд байлаа. Цэвэрлэгч эгч ажлаа эртхэн дуусвал өрөөнд орж ирж буу халах дуртай. Аж амьдралыг нь сонсоод байх нь ээ ихээ хөдөлмөрч хүн, үр хүүхдээ хэнээс ч дутахгүй сайхан аваад явчихдаг, бага залууд эрдэм номд шамдаагүй, тийм боломж ч угаасаа олдоогүй гэх. Илэн далангүй сайхан яриатай энэ эгчтэй би олон жил нөхөрлөж байна даа.
Гэтэл дээд өрөөний ганган хүүхнүүд өөртэй нь хэрхэн харьцдаг тухай, биеэ засах өрөөнд хэн хэн биеэ хэрхэн авч явдаг тухай ярьж эхэлж байна. “Авдаг цалин, амин хувиа хичээсэн зан хоёр нь газар тэнгэр шиг ялгаатай” гэх үгийг сонсоод өнөө ганган хүүхнийг харах бүрт нэг юм бодогдоно.
Олныг дагаж гадаадад суралцахаар очоод өнөө эгчийн адил аяга угааж, жорлон цэвэрлэж үзсэн. Өөдөөс инээмсэглэн, хийсэн ажлыг минь хүндэтгэн харьцах хүмүүсээс эхлээд бие засах өрөөнд биеэ зөв авч явдаггүй олон гангануудтай таарч явахдаа цэвэрлэгч эгчийн үг үнэн болохыг өөрийн биеэр үзсэн юм.
Буцаж ирээд уулзаж ярилцахыг хүссэн олон хүний нэг бол өнөө цэвэрлэгч эгч байсан юм. Амьдралыг яг байгаагаар нь, үнэнээр нь тас хийтэл хэлчихдэг, жинхэнээсээ баярлаж, инээж, уйтгарлаж чаддаг, тэвчээртэй, зорилготой, эгэл жирийн эмэгтэй түүнээс сурсан олон зүйлээ өнөөдөр би аж амьдралдаа хэрэгжүүлж явна. Бохир муухай цэвэрлэхдээ хэзээ ч шантарч байгаагүй тэрээр “Энэ жорлонгийн муухай яахав ээ, ус саван алчуур байхад цэвэрлэчихнэ. Харин хүний сэтгэлийн муухайг яана даа” гэдэг сэн. Номын нээлт, жүжгийн нээлт, арга хэмжээ бүрт маань ирчихсэн, чин сэтгэлээсээ баяр хүргэн инээж суудаг цэвэрлэгч эгчдээ би тэр бүр баярлалаа гэж хэлж чаддаггүй. Хийж чадах ганц үйл маань дуудлага бүрийг нь таслалгүй авч, мэссэж бүрт нь алдалгүй хариулж, хааяа ирэхэд нь халуун цайтай угтахсан л гэж боддог юм. Охидыг нь олигтой сургуульд оруулж чаддаггүй юмаа гэхэд уншсан номноосоо хуваалцаж, хааяа хичээлийг нь давтуулахсан гэж бодох юм.