Нөгөө “Өглөөний гайхамшиг” номыг уншаагүй сүүлчийн хүн нь би байна аа.
Өглөө хэдэд босох нь таны сонголт. Эрт босох хэрэгтэй бол босч чадна, үд болтол унтмаар бол унтаж чадна. Гайхамшиг гээд байхаар зүйл нь 5 цагт байна уу, 7 цагт байна уу хамаа алга, эрт босоод ихийг амжуулдаг нэг нь байхад шөнө суугаад нэг хэсгийн нугалдаг ч хүн байдаг. Өдрийн ажлаа зохицуулж чадалгүй, өглөө бүр эрт босох гээд ядаргаанд орж, галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөдгийн үлгэрийг бас харж л явлаа.
Яахав нэрнээсээ сонин санагдаж, мань эрийн хэд хэдэн номыг уншаад, подкастыг нь сонсож, бичлэгийг нь үзэх дуртай болохоор энэ номыг бас бариад авлаа.
Угаас уран зохиол бичдэг хүн биш болохоор бичлэгийн хувьд сайн биш, харин хэлэх гээд байгаа санаа бол тун догь.
20/20/20 харьцаа гэх мэт сонирхолтой, туршиж болох санаа хэд хэд бий. Өглөө эртлэн босоод эхний 20 минутыг дасгал хийж, дараагийн 20 минутанд уншиж, сүүлийн 20 минутанд өөрийгөө хөгжүүлэх ямар нэг юм оролдож дадвал та хэсэг хугацааны дараа өөрчлөлтийг харах болно гэх мэт.
Бас нэг номноос олж харсан зүйл бол өглөө босоод муу муухай зүйл бодолгүй, уурлаж бухимдалгүй өдрийг эхлүүлж чадвал тэр өдөр тэр чигээрээ аятайхан гэдэг санааг бол яг хэрэгжүүлж үзсэн. Өглөө кофегоо ууж суухдаа байгаа бүхэндээ талархан, эргэн тойрны хүмүүсийн, тэр өдөр уулзах хүмүүсийн хамаг сайхан бүхний тухай бодож, бичиж тэмдэглэн, хайртай бүхнээ үнсээд гарахад бүр нэг үзүүлээд өгмөөр, ажилдаа очоод гялалзуулаад өгмөөр сайхан мэдрэмж төрнө.
Тийм болохоор ажилдаа очихоос өмнө имэйлээ шалгалгүй, элдэв сошиал шагайхгүй байхыг хичээх болсон. Үүнийг л өнөө өглөөний гайхамшиг нь гэдэг байх. Нөгөө номонд ч гэсэн энэ санаа байдаг болов уу.
Утга учиртай, аз жаргалтай амьдралын жор гэж байдаг бол өглөө эртлэн босч, хийе бүтээе гэснээ цэгцтэй төлөвлөх л байх. Өдөр бүр 5 цагт босдоггүй юм аа гэхэд үр хүүхдээсээ түрүүлээд өндийж, өглөөний цайг нь хийж өгөөд, ажил албаа өөдрөг цоглог эхлүүлэх тухай л өнөө олон номонд дахин дахин өгүүлдэг байх.
Robin Sharma подкастыг дагаарай, богино хэмжээтэй хэр нь аятайхан санаа бүхий түүний ярианууд сонирхолтой. Өөр бусад номнууд нь ч Монгол хэлнээ орчуулагдан гарсан байгаа.