Таны бодож байгаа шиг тийм амар биш. Технологийн салбарт ороод юу ч бүтээж болно. Олох орлогын хэмжээ олон оронтоор хэмжигдэнэ. Сая сая дагагчид танд нэр хүнд авчрахаас гадна залуу entrepreneur, founder гэх мэт цол гуншин дагаж, дараагийн шинэ апп чинь юу вэ гэсэн асуулт цувна. Старт ап ингэж л ойлгогддог. Technology — as — savior, tech — lash, tech — fascist үзэл, энэ тулаанд ялагч байдаг бол ялагдагч бас байдаг юм.
Сэтгүүлч мэргэжилтэй энэ залуу Airbnb-д бууж старт ап хөөсөнд хөвөрсөн хэдэн хөгжүүлэгч, програмист залуустай өрөөгөө хуваана. Airbnb өрөө яг зураг дээрх шигээ байгаагүйд дургүй нь хүрсэн ч тэнд ямар ч бодлого, даатгал энэ тэр байхгүйгээс яах ч учраа олохгүй, хамт байсан нөхдүүд ч мөн тоох шинжгүй. Технологийн ертөнцийн боолчлол гэх сонин нэр томъёог эдгээр залуусыг хараад бодож олсон хэрэг. Сүүлийн үеийн технологийн арга хэмжээ, үзэсгэлэн хурал хэсч, тэнд чухам ямар хүмүүс юу хайж очдогийг нүдэнд харагдтал, хорон хошин аргаар дүрсэлнэ.
Технологийн тусламжтайгаар хүний амьдралыг өөрчлөх, сонирхол татахуйц апп бүтээж түүгээрээ амь зуух сэдэлтэй мянга мянган бүтээлүүд ар араасаа төрж байгаа ч цаана нь байгаа хүний эрхийн асуудлыг мөн хөндөнө.
Старт ап гол зорилго бол “хурдан баяжих”, баяжих баяжихдаа нүд ирмэх зуур маш их хэмжээний мөнгөтэй болж тэгээд IPO энэ тэр. Гэтэл эхлэх үедээ угаасаа гарааны бизнес учир дотор нь махийж байгаа хүн бараг үнэгүй ажиллах ёстой, тэнд ямар ч дүрэм журам үйлчлэхгүй. “Хурдан баяжиж” амжаагүй эсвэл чадаагүй бол ажилтан та баяртай, ямар ч тэтгэмж байхгүй. Тийм ч учраас Цахиурын Хөндий өөрөө Үйлдвэрчний эвлэлд дургүй. Тэр ч бүү хэл Uber, PayPal, Ebay, Google, Facebook бүгд л өнөөдөр санхүүгийн болон улс төрийн ямар нэг хариуцлага хүлээхээс зайлсхийх чадалтай болсон. Гэтэл энэ нь өөрөө шинэ үеийн соёл болтлоо хэвшиж, залуус хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, түрээсийн өрөөнд бусадтайгаа хамт, халаасан хоол идэж, хийжүүлсэн ундаа ууж, асар их мөнгө мөрөөдөн компьютерийн ард суугаагаа жирийн амьдрал хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
Технологийн найзууд уншаарай, инээдтэй ч бас эмгэнэлтэй, энэ номонд ямар ч гаргалгаа байхгүй, зүгээр л сануулга.