Хэдхэн сарын өмнө дижитал ертөнцийн зомби гэгдэх МОМО нэрт эвгүй дүрснээс болж эцэг эхчүүд багахан ч гэсэн санаа зовниж эхэлсэн. Энэ үед сошиалын сүүдэртэй тал хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгаа тухай шуугиад өнгөрч, гар утсаа хүүхдүүдээсээ хэсэг хугацаанд харамлаад өнгөрөв. Харин зуны амралт эхэлчихлээ аав ээжүүдээ!
АНУ-д өсвөр насны хүүхдүүдийн дунд технологийн хэт их хэрэглээний асуудал өнөөдөр хар тамхи, бэлгийн хүчирхийлэл, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас илүү эцэг эхчүүдийг зовоож байна. Гар утасны хэрэглээ бүхэл бүтэн үеийг устгаж байна, хоёр нас хүртэл технологиос хол байх гэх мэтээр шуугицгааж байна.
Parenting
Үнэндээ байдал тийм ч амар биш. ЕБС-уудад ухаалаг утсыг хориглосон ч ахлах ангид хүүхдүүд зөвхөн багшийг сонсож бус олон эх сурвалжаас мэдээлэл авах шаардлага гарч ирж байна. Мөн мэдлэг мэдээлэл авахаас гадна амьдралынхаа олон шийдвэрийг технологи ашиглаж гаргаж байна гэхэд хилсдэхгүй. Хүүхэд өөрөө маш сониуч учир янз бүрийн платформ, зар сурталчилгаа зэргийг алгасаж ялгах чадамжгүй.
Зарим сургууль өөрийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулан аппликейшн бүтээж, шалгалтын оноо, сургалтын явц, идэвхи, асуудал зэргийг түүгээрээ дамжуулан өгч авч байна.
Сургуулийн тоног төхөөрөмжөөс олон нийтийн хайлтын системд хандахад хяналт тавих, сургуулийн интернэтийг хэрэглэхэд хандаж болохгүй цахим хаягуудыг хаах зэрэг арга хэмжээ авдаг. Сургууль гэр хоёрын хооронд хүүхдүүд янз бүрийн төхөөрөмж ашиглан хайлт хийхэд, хийж буй хайлт дунд сэтгэл санаа, амь насанд нь аюул учруулж болохуйц (амиа хорлох тухай гэх мэт) агуулга, үг үсэг илэрсэн эсэхийг хянах админ гэх зэрэг хүмүүс ажилладаг болов уу.
Өнгөрсөн хавар биднийг Mommy Meet Up арга хэмжээнд Kaspersky Kids Safe бүтээгдэхүүн танилцуулаад зогсож байхад хүүхдийнхээ цахим аюулгүй байдалд сэтгэл зовсон ээж аав олон байсан. Тэдэнтэй ярилцахад, тодорхой нэг аппликейшн гэх мэтээр хянаж болох ч хаалгаа тас хаагаад суучихдаг өсвөр насны хүү охиныхоо юу хийж суугааг мэдэх аргагүй гэж аргаа барсан үг хэлж байсан.
Ухаалаг утас барьж эхлэх нас жилээс жилд залуужиж байгаа энэ үед гарт нь байгаа төхөөрөмжөөр нь хянах олон янзын арга байдаг. Аппликейшн, софтвер, утсаар нь tracking хийж хамгаалах гэх мэт боломжит бүхий л аргаар эцэг эхчүүд хамгаалах хэрэгтэй. Үүнд эцэг эхийн оролцоо, хяналт хамгаас чухал байна.
Sharenting
Охин, хүү чинь Insta, Facebook, TikTok, Snapchat, Pinterest гэх мэт бүхий л сошиал орчинд өөрийн зураг мэдээллээ, таны тухай мэдээллийг юу ч бодолгүйгээр шууд оруулж байгаа. Эцэг эхчүүд ч ялгаагүй. Англи улсад л гэхэд хүүхдийг 5 нас хүртэл 1500 орчим зургийг онлайн орчинд тавьж гайхуулдаг байна. Миллинниал ээжүүд бол интернэтийн ариун тагш юм.
Хүүхдийнхээ хөөрхөн бичлэг, зургийг тавих нь юуны буруу билээ гэж та бодож магад. Эрүүл мэндийн асуудалтай, олон нийтээс тусламж дэмжлэг авах хүсэлтэй эцэг эхчүүд хүүхдийн зураг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацаж, сайн санаат хүмүүс тусалж дэмжин, хүүхдийн амь насыг аварч байгааг харахад буруудах зүйлгүй. Тэр бүү хэл 2018 онд 7 настай хүү тоглоомоор тоглосныхоо төлөө 22 сая ам.долларын ашиг олсон байна. Жижигхэн толиныхоо өмнө самаа бариад дуулж байгаа эгдүүтэй охин ч гэсэн өнөөдөр өөрийн гэсэн сувагтай болж, олон сая дагагчтайгаараа гайхагдаж байна.
Тэгээд юу нь буруу юм гэж үү? Бараг л гэмгүй. Гэхдээ бараан тал бас байна. Бүр мөсөн уул шиг.
Хамгийн олон хандалттай олон сая видеоны цаана олон сая аав ээж яг энэ амжилт гаргаад байгаа шиг амжилтыг хүсэн хүлээж хүүхдээ таны охин шиг, хүү шиг болгох гэж, мөнгө биш юмаа гэхэд олон мянган дагагчтай болох гэж хүүхдийн эрх зөрчиж, түүнийг дагасан доромж, гомдлыг үл тоон бяцхан зүрхнүүдийг шархлуулж байгаа.
МОМО бол зүгээр л муухай дүрс. Харин хамгийн муухай үйлдлийг эцэг эхчүүд бид өөрсдөө үр хүүхдүүддээ харуулж байна.