Ном уншингаа элдэв юм хайдаг зантай юу?
Тэгвэл энэ номыг танд санал болгож байна.
Аливаа сайн бүтээлийг уншсны дараа дэлхий ертөнцөөр аялсан мэт сайхан мэдрэмж төрдөг.
Dan Brown бүтээлүүд хэдийгээр дитиктев үйл явдал ихтэй ч уран зургийн гайхамшиг, уран бүтээлчдийн тухай нэвт шувт өгүүлэх учир ном уншингаа элдэв хайлт хийх дуртай над мэтэд сайхан зугаа болдог юм.
Geraldine Brook “People of the Book”, Еврейчүүдийн амин сүнс болсон Хаггада бүтээлийн нөхөн сэргээх явцдаа хүн зоны үүх түүхтэй хэрхэн танилцаж байгаа тухай гардаг. Өрнө, Дорно, Арабын ертөнцийг хөлөөрөө туулж барахгүйгээс хойш ийм сайхан бүтээлүүдийг амтархан уншиж хорвоо ертөнцтэй танилцах дуртай.
Зарим бүтээлүүд ирээдүйгээр аялуулж, үзэж харах боломжгүй тэр ертөнцөд аваачна. Хамгийн сүүлийн жишээ нь гэвэл Лю Цы Син “Гурван биет” гайхамшигт бүтээл байна.
Харин энэ зузаан ном таныг хорвоогийн хамгийн чамин зүйлээр аялуулна.
“Голландууд микроскопыг бүтээсэн юм. Юмс жижиг байх тусмаа утга их. Жижигхэн ялаа, хорхой, алиман дээрх толбыг хүртэл зурахдаа зураач хүн ямар нэг зүйл хэлэхийг хүсдэг. Тэдний түр зуурын амьдралыг яах гэж дүрслэн зурдагийг чи ойртон харвал мэдэх болно” гэж ээж нь Деог музейд дагуулан ороод хэлдэг юм.
Харамсалтай нь тэр мөч ээжийнх амьдралын хамгийн сүүлийн хором байж. Музейд болсон бөмбөгдөлт 13 настай Деог ээжээс нь салгаж үзүүр нь орооцолдсон урт утасны эхэнд аваачаад хаяна. Үйл явдал өсвөр насны хүүгийн ертөнцөөр өрнөнө.
Үйл явдлаас илүүтэй намайг татсан зүйл гэвэл зохиолч эмэгтэй урлагийн өндөр мэдлэг, мэдрэмж юм. Америкийн зохиолч хэр нь Оросын сонгодог уран зохиолуудын улаан фен гэдэг нь гарцаагүй. Маш олон уран зохиолын сонгодог бүтээлүүд, сонгодог кино, уран зураг, хөгжмийн бүтээл, хөгжимчид гээд дүр болгон урлагийн аль нэг салбартай холбогдож байгаа гайхалтай санагдсан.
Хөөрхий Део харах хандах хүнгүй учир асрамжийн газар очтолоо ангийнхаа хүүхдийнд амьдарна. Мэдээж ээж хүү хоёрын даруухан амьдралтай уран зургийн алдарт наймаачны гэр бүлийн амьдралыг хэрхэн зүйрлэх билээ. Музейн дэлбэрэлтээс хэдхэн хормын өмнө хараа салгаж чадаагүй хөөрхөн охин, түүний дагуулж явсан хижээл насны эр хоёр ээжээс нь хойш утга учир нь болох юм гэж хэн санах билээ.
За тэгээд номоо уншаад урлагийн гайхамшгаар аялаарай.