Хүндэлж явдаг танил маань нүүрномондоо “Байгаль эхийн шалгарал юм даа. Хүн төрөлхтөн бид хүн амын тоогоо хязгаарлаж чадахгүй болохоор байгаль эх өөрөө вирус үүсгэн…..” гэсэн байх юм. Бас зарим хүмүүс “Ванга эмээгийн зөгнөснөөр ….” гэж байна.
Жаахан нүдээ томруулаад, болж буй үйл явдалд ултай дүгнэлт хийх гээд нэг үзээрэй. Олон эх сурвалжтай мэдээн дунд төөрдөггүй хүмүүс бас байдаг юм. Тэд бол зохиолч бас тэдний уншигчид.
Зохиол бүтээл туурвина гэдгийн ард тэр чигээрээ судалгааны ажил явагдаж байдаг. Хичнээн ч их юм уншиж, хичнээн олон хүнтэй уулздаг юм бүү мэд. Би энэ зохиолч залууг танихгүй, Үндэсний номын баяраар асар хэсэж яваад олж авсан ном. Час хийсэн бичлэгтэй, ён хийтэл хэлээд тавьчихдаг энэ залуугийн бүтээлүүдэд дурлаад байгаа.
За эргээд өнөө асуудалдаа оръё. Зүв зүгээр сууж байгаад өвчин тусдаг, өнөө өвчинг нь ном айлдаад, лус савдагтай уулзаад эдгээдэг гэж боддог бол залуу та өнгөрсөн зуунд гацчихсан байна гэж хэлье. Алив бүхний цаана заавал учир шалтгаан байдаг, итгэхгүй бол арилжааны маш олон Америк кинон дээр чинь энэ тухай нэгд нэгэнгүй өгүүлсэн байгаа.
Todko-ийн дүр Улсаа гэгч залуу танд энэ бүхнийг Монгол хэлээр, Монгол оронд, Монгол хүнд ойлгогдохоор янзын сайхан өгүүлээд өгнө. Вакцин гэж юу болох, хэнд зориулж хэн бүтээж, түүний цаана хэн зарж, хэнд туршиж, хэн хөрөнгө оруулж байгааг хэлж байна. Ван доктор хүн төрөлхтний эсрэг хийсэн зүйлдээ харамсаж, Ху Шень хөрөнгө оруулж өөрийнхөө нэрийг дуурсгах гэж, өнөө тахлыг нь Монгол хүүхдүүд дээр вакцин нэрээр туршиж, түүнээс ашиг хонжоо хайх төрийн албан хаагч, дотоодын эмийн үйлдвэрүүд гээд. Элдэв өвчин газар авах үед энд бичсэн зүйл бидэнд тун ойрхон санагдана. Та, би, бид, бидний хүүхдүүд хөгжилтэй орны, хөрөнгө оруулагчдын, суут ухаантнуудын, тэдний туршилтын туулайнууд билээ.
Тэгээд бид яах вэ гэж үү?
Унш, судал, харьцуул. Тэгээд өвөө эмээгийнхээ үгийг сайн сонс. Арвайн гурил, шар тос, арц ганга, цэвэр агаар, адууны шөл, аавын захиас, ээжийн хайр, интернэтээр байгаа судалгааны ажлууд энэ бүхэн таныг туршилтын туулай болохоос багахан ч гэсэн сэргийлж чадна.
Үнэн худал мэдээлэлд айж сандрахаасаа өмнө, хуваалцахаасаа өмнө дахин нэг бодоод үзээрэй. Таныг айлгах зорилго бас цаана нь нуугдаж байгаа шүү.
Би энэ номыг рекламдах зорилгогүй болно, угаасаа өчигдрөөс дахиад БЭСТ СЭЛЛЭР болсон байна лээ.