Энэ залууг харахаар инээд хүрээд байдаг юм. Өөрөө ч алиа нөхөр, ид гялалзаж яваа Өмнөд Африкаас гаралтай комедиан.
Ийм сайхан инээмсэглэлийн цаана юу нуугдаж байдаг бол гэж би түүний инстаг дагахдаа байнга боддог байсан. ТВ шоу хөтөлж, дэлхийн өнцөг булан бүрт уригдаад л…
Нэг өдөр Өмнөд Африкт очиж эмээтэйгээ уулзсан тухай бичлэгээ цацлаа. Унасан газар угаасан голдоо арьс өнгөөр ялгаварлагдаж Soweto гэх газар тусгаарлагдан амьдарч байсан тухайгаа үзүүлж, өөрийг нь өсгөлцсөн эмээгээ шүтэн бишрэгчдэдээ танилцуулсан юм.
Өмнөд Африкаас ирсэн олон найзтай байлаа, цагаан арьстай нэлээн чинээлэг залуусаар л би тэр газрыг төсөөлдөг байж. Мань хүний үзүүлсэн бичлэгээс харин тэс өөр зүйлийг хараад нэлээн судаллаа. 2016 онд номоо гаргасныг олж уншаад түүний тухай, тэр нутгийн тухай тэс өөр бодолтой болсон юм даа би.
Өөрийгөө гэмт хэргээс төрсөн хүүхэд гэж нэрлэжээ, манай залуу. Учир нь түүний эцэг Герман, ээж нь Африк. Багаас зовлон үзсэн ээж нь хар бор амьдралаа эцэс болгох гэж нарийн бичгийн сургалтад сууж цагаан арьстнууд амьдардаг газар ажилд оржээ. Хөлслөн суудаг байрных нь нөгөө өрөөнд амьдрах энэ Герман эртэй болзож яваад хүүхэдтэй болмоор байгаагаа хэлж. Гэмт хэрэг шүү дээ, тэгсэн ч хүссэнээрээ хүүхэдтэй болж.
Аавтай нь уулзуулна гэдэг бол гэмт хэрэг. Хар цагааны дундаас төрсөн өнгөт арьст хүүхдээ ээж нь тэврээд, хөтлөөд явна гэдэг бас л гэмт хэрэг. Нэг бол түүний хүүхэд биш, эс бөгөөд ээжийг нь биеэ үнэлэгч гэж харна.
Эмээгийндээ очиход бас хэцүү. Айлын хүүхдүүд хашааны гадна тоглоод байхад манай хүний хамрыг ч цухуйлгахгүй. Учир нь тэр өнгөт арьстан. Бусад хүмүүс юу гэж бодох бол гэж эмээхээс гадна нэг удаа эмээ нь хүртэл түүнд маш сонин хандаж гэнэ. Ахын эгчийн хүүхдүүдтэй эмч болж тоглож байгаад нэгнийх нь чихийг нь эсгэчихэж. Цус нөж, уйлаан майлаан. Уг нь хэрэг хийсэн хүн нь манай хүн. Эмээ нь ирээд бүгдийг нь зодож гэнэ, харин манай хүнд гар ч хүрсэнгүй. Орой ээж нь ирээд хамаг учрыг мэдээд “Та тэгээд зодохгүй яав?” гэхэд “Би цагаан хүүхэд зодож мэдэхгүй ээ. Хар хүүхдийг зодоход яах ч үгүй, хар чигээрээ л байна. Харин энэ амьтныг нь цохиод авбал улайгаад, хөхрөөд хачин юм болно. Цагаан хүүхдийг алчихвал яана” гэсэн гэдэг.
Сургуульд ороод ч ялгаагүй. Хар хүүхдүүд найзална, цагаан хүүхдүүд найзална, Энэтхэг хүүхдүүд найзална. Өөрөө бол хаана ч харьяалагдах боломжгүй. Хамелион шиг л хаа сайгүй, ихэнхдээ хэн ч биш.
Хүн бүр заавал аль ангилалд орохоо тодорхойлуулах ёстой. Засгийн газрын зүгээс хүртэл яаж ангилахаа мэдэхгүй, хүүхдүүдийн үсэнд үзэг зоож үзнэ. Үзэг унавал чи цагаан эсвэл өнгөт, унахгүй зоогдвол чи хар.
Ганц бие ээж хүүгээ хүний дайтай болгох гэж чадлаараа л хичээнэ. Өөрөө хүндхэн амьдрал туулсан болохоор “Өнгөрснөөсөө суралц, илүү хичээ. Харин өнгөрснийхөө төлөө битгий уйл” гэж хэлдэг байсан байна. Тариан талбайд дахин ажиллахгүйн тулд, хүүгээ өөр шигээ болгохгүйн тулд хувийн сургуульд оруулж, хотод байр хөлслөн амьдарна.
Мань хүн маш хөдөлгөөнтэй, сахилгагүйгээрээ зартай. Бас ч үгүй сэргэлэн. Хэрэг хийгээд ирнэ, ээж нь зодох гэхэд хар хурдаанаа зугатаана, ээж нь бас хойноос нь хөөнө. Энэ хотод тэр хоёр шиг хурдан гүйдэг хүн бараг үгүй байсан байх. Нэг удаа машин нь эвдэрснээс болж бүтэн сайны мөргөлдөө автобусаар явжээ. Ээж нь шүтлэгтэй гэж янзын. Очиж болох бүх л сүмд очно, хар цагаан хамаагүй. Бүтэн сайн бүрт сүмээс сүм хэсэх нь залхмаар. Тэр өдөр хамгийн сүүлийн уулзалт харуй бүрий болоход дуусчээ. Микро автобус хүлээж ядаад арай хийн суутал өнөө жолооч нь элдвээр хэлээд болдоггүй. Хэрэг бишдэж, ална л гэнэ, тална л гэнэ. Энэ үед ээж нь түүний цаад талын хаалгаар түлхэн унагаад өөрөө хойноос нь үсэрч амь гарчээ. Чадуулсан жолооч цагдаатай хамт хойноос хөөх нь тэр. Тэр л үед ээж хүү хоёрын хөлийн хурд хэрэг болсон гэдэг.
“Би чамайг биеийг чинь өсгөж, ухааныг чинь тэлж, сэтгэлийг чинь ариун байлгах гэж ажил хийдэг юм” гэж хэлж байсан удаатай. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг хүн. Чанга эмэгтэй дээ. “Хэрэв би чамайг зодож шийтгэхгүй бол энэ хорвоо чамайг бүр ч чанга шийтгэнэ. Хорвоо чамд хайргүй. Гэхдээ би чамд хайртай” гэж хүртэл хэлж байсан удаатай.
Энэ бол хүнд хэцүү амьдралаас хэрхэн од болсон тухай түүх огт биш. Харин хүмүүжил, эхийн хайр, баян ядуугийн ялгаа, сонголтгүй амьдралын тухай өгүүлнэ.
Маш энгийн хэллэгтэй учир та ч гэсэн татаж аваад уншаарай.