Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш гэж халаглан суух аав ээжтэй таарч явлаа. Үр хүүхдүүдээ эрүүл саруул, сайн хүн болж өсөн торнихыг харах л эцэг эхийн жаргал юм уу даа. Нас биед хүрсэн ч нүд аньтлаа санаа зовж, бүтэн нойртой хонолгүй, насны бөгсөнд сэтгэлийн зовлон эдэлж буй аав ээжүүд олон.
Amy Tan бусад зохиолууд ч мөн эхийн тухай, ялангуяа үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө эх нутгаасаа дүрвэн гарч, хүний газар ясаа цайтал зүтгэж буй Хятад ээжүүдийн тухай өгүүлдэг. Энэ зохиолч мөн адил. Эх охин хоёрын хооронд соёлын том ялгаа үүсч, хоёр хэлээр хоёр сэтгэлээр харилцах тэдний төрүүлсэн бие л холбож байна уу гэлтэй.
Харийн соёлд уусан шингэсэн ч хаанаас ирсэн хэний хүүхэд гэдгээ огт марталгүй, хазгай муруй Англи хэлээ сайжруулъя ч гэж боддоггүй, будаа идэж өссөн болохоор үхэн үхтлээ будаагаа л идэх юм Ruth ээжийгээ байнга буруутгана. Буруутгах зүйл мундахгүй олон. Америк соёл ээжид нь түй ч хамаагүй. Хүүхдүүдийн дэргэд Хятадаар загнаж, цохиод авах нь энүүхэнд, мухар сүсэг гэлтэй сонин сонин зүйл ярьж, муу ёр хараал сүнсээр охиноо айлгана. Нэрийг нь ч зөв хэлж чадахгүй Lootie гэж дуудах байсан юм бол яах гэж Ruth гэж нэр өгсөн юм гээд охин 40 хүртлээ ээжийгээ огт ойлголгүй өсч.
Айлын хүүхдүүдтэй тоглож болохгүй, багш нарыг нь муулна, найзуудыг нь голно, хар шар гэж ялгана гээд ээжийнх нь үйлдэл бүр хэрээс хэтэрч заримдаа энэ хүн намайг зовоох гэж төрүүлсэн байх гэж хүртэл бодно. Өсвөр насандаа тэмдэглэл хөтөлж, ээждээ хэлж чадаагүй бүх үгээ бичдэг байлаа. Бичсэнийг нь битгий уншаасай гэж нуух бүрт ээж нь олоод л харчихна, харин уншаад намайг загнаасай гэж бодох үед олохгүйгээр барахгүй улам уур унтууг нь хүргэнэ.
Нийгэмд хөл тавьж, хэвлэлийн эх хянах ажилтай болсон ч ээжийгээ ойлгохгүй хэвээр. Нас дээр гарч, мартаж санах нь ихсэж, өөрт төдийгүй өрөөлд гэмтэй болоод ирэхийн цагт Ruth үнэндээ аргаа барж байлаа. Хажуу айлын хүүхнээс түрээсийн мөнгөө өдрийн хэд нэхэж (уг нь аль хэдийн төлчихсөн байдаг), цаг хугацааны баримжаагүй болж, хэзээ ч хамаагүй гарч алга болчих гээд, хоол ундаа ч мартаж санаж эхлэхэд Ruth ямар нэг алхам хийхгүй бол болохгүй гэдгээ мэднэ. Асрамжийн газар өгөх үү, асрагч хөлслөх үү гээд их ажлын хажуугаах ээжийн нь асуудал хэцүү.
Ухаан орсон цагаас нь л ээж нь түүнд асрагч эмэгтэйнхээ тухай ярьдаг байлаа. Нүүрэндээ сорвитой, хэлгүй тэр эмэгтэйг өөрийнхөө ээж болох тухай нэг удаа дурсаад авч. Юун эмэгтэй, яагаад гэнэт эмээ нь болчихсон тухай бодож ч үзсэнгүй. Ээжийнх нь өнөө сүнс сүүдрийн ярианы нэг хэсэг гэж бодож. Ruth багадаа асрагч эмэгтэйн сүнс надаар ийм үг хэлүүлж байна, таныг ингэ тэг гэж байна гэх мэтээр өөрийнхөө хүслээ гүйцээхийн тулд тэр хөгшний нэрийг олон ч удаа барьж ээжийгээ аргалдаг байлаа. Асрагч эмэгтэйн аав нь алдарт бариач байсан тухай, асрагч эмэгтэй залуудаа эрдэм төгс, үзэсгэлэн гоо эмэгтэй байсан тухай, яагаад түүний ээж болсон гээд бүх зүйлийг бичсэн цаасыг Ruth нэг өдөр ээжээсээ олж авснаар түүний ээжийгээ таних аялал эхэлнэ.
Бэх бийрийн эрдэмд төгс, уран бичлэгийн мастер, бэхний бизнес эрхлэгч гэж бүлд өссөн ээжийг нь 14 нас хүртэл өмнөх үе нь ямар гашуун зүйл туулсныг хэн ч хэлэхгүй байхаар тохирч. Хэлгүй асрагч эмэгтэй Chang гэдэг нэрийг сонсоод л уурлаж, зүсийг нь харахаар зүхдэгийг огт ойлгодоггүй байж. Chang гэгч хэн болохыг мэдэлгүй тэр айлд бэр болон очих урилга авсан охин бөөн баяртай ирэхэд хэлгүй асрагч өөрийн түүхээ бичиж өгчээ. Харамсалтай нь бал бурам, баян амьдрал мөрөөдсөн охин төгсгөл хүртэл нь уншилгүй хаясныг хөөрхий хэлгүй хүүхэн мэдсэнгүй. Гэрлэх хэвээрээ, удалгүй инж бэлэг нь ирэхийг сонсоод хэлгүй асрагч амиа хорложээ…
Түүх ингэж эхэлсэн байдаг юм. Ruth өөрөө алдарт бариачийн удам гэдгээ мэдэлгүй San Francisco хотын тансаг амьдралд Хятад ээжийгээ ад үзэн амьдарч байсандаа ичсэн гэдэг. Ээжийнх нь түүх, асрагч эмэгтэйн түүх өр өвдөм.
Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш гэдэг. Үр хүүхдээ сонсолгүй, анзааралгүй өсгөдөг ээж аавууд олон. Хайр нь дотроо хал нь гаднаа гэчихээд үл хайхран, өлсөлгүй, дааралгүй өсгөснийгөө хүүхдээ хүмүүжүүлчхлээ гэж ойлгодог.
Amy Tan бусад зохиолд ч мөн энэ өнгө аяс байнга харагддаг. Үл хайхрах хүчирхийлэл гэж хүртэл нэр томъёо байх. Хүнийг хүн гэж харалгүйгээр хүний орчлонд авчирна, хүүхэд насанд нь хайрлан энэрээгүй хэр нь хожим хойно эд материалын хийгээд сэтгэлийн их өр нэхэх эцэг эхчүүд битгий олон болоосой.