Таны өмнөө тавьсан зорилгыг тодорхой болгож, зорилгодоо хүрэхэд саад болоод байгаа тэдгээр асуудлыг илрүүлэн, асуудал бүрт тохирсон гарц гаргалгааг системтэйгээр ярилцдаг тэр хүнийг бид КӨҮЧ гэдэг. Асуудлын учгийг тайлахдаа көүч танд буй авьяас, нөөц, мэдрэмжийг онилж, хамтдаа нээдэг юм. Өөрийнхөө хүч бололцоог мэдсэн хүн маш амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн болно.

Тэгвэл хэнд амьдралын көүч хэрэгтэй вэ?

Ихэнх хүн ажлаа өөрчлөх зэрэг амьдралынхаа томоохон шийдвэрийг гаргахдаа көүчтэй уулзах хүсэлтэй байдаг. Мөн одоо байгаа амьдралаа сайжруулж, сайхан бүхэнд зорьсон хүмүүс ч сайн көүчтэй уулзаж, жижигхэн ч гэсэн өөрчлөлтийг хийж чаддаг.

Яг ямар үед амьдралын көүчтэй уулздаг тухайгаа хүмүүс ингэж хэлжээ.

–      Ойр ойрхон цухалдахдаа

–      Стресстэй эсвэл түгших үедээ

–      Муу зуршлаасаа салж чадахгүй үедээ

–      Нийгмийн харилцаанд орж чадахгүй үедээ

–      Ажилдаа сэтгэл ханамжгүй болохдоо

–      Бүтээлч байдал алдагдах үедээ

Сүүлийн жилүүдэд томоохон бизнес эрхлэгчид ч мөн амьдралын көүчтэй уулзаж, хувийн амьдралдаа көүчинг үйлчилгээ авч, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхэд анхаарлаа хандуулдаг болжээ.

Зарим амьдралын көүч асуудлыг том зургаар нь харж аль ч талаас нь ажиллаж чаддаг бол зарим нь тодорхой нэг сэдвийг барьж, түүгээрээ мэргэшсэн байдаг. Жишээлбэл:

  • Бизнес, манлайлалын көүч
  • Карьер көүч
  • Харилцаа, гэрлэлтийн көүч
  • Фитнесс көүч
  • Гэрлэлт цуцлах асуудлын көүч
  • Гэр бүлийн амьдралын көүч
  • Санхүүгийн көүч
  • Эрүүл мэндийн көүч
  • Ур чадварын көүч
  • Сэтгэлийн эрүүл мэндийн көүч
  • Дотоод хүч, энергийн көүч
  • Спорт көүч

Көүч, сэтгэл засалч хоёрын ялгаа юу вэ?

Көүч хүнийг сэтгэл засалчтай андуурах нь элбэг. Энэ асуудал надад байнга тохиолддог. Көүч, сэтгэл засалч болон бусад сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнгүүд бүгд л хүний амьдралын олон асуудалд өөр өөрийн ур чадварын өнцгөөс харж даван туулахад тусалж байдаг болохоор ялгаж салгахад амаргүй байх нь мэдээж. Амьдралын көүчтэй ажиллаж байх үед шийдэж чадахгүй байсан асуудлын гогцоо тайлагдаж, гарц гаргалгаа гарч ирдэг ч көүч хүн сэтгэлийн эмгэг, түгшүүр, сэтгэцийн асуудлыг эмчилдэггүй.

Сэтгэл засалч

  • Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ хийнэ
  • Салбартаа хүлээн зөвшөөрөгдөх боловсролын зэрэг, лицензтэй байх
  • Ёс зүйн хувьд дагаж мөрдөх олон дүрэм журамтай

Амьдралын көүч

  • Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ хийхгүй
  • Боловсролын зэрэгтэй байх албагүй
  • Эрүүл мэндийн салбарын дагах ёстой дүрэм журамд хамаарахгүй

Тэгэхээр ямар асуудлаар хэнд хандах вэ гэдгээ эхлээд сайтар бодох хэрэгтэй. Хэрэв танд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой шинж тэмдэг (сэтгэл гутрах, анхаарал төвлөрөхгүй байх, нойргүйдэх, сэтгэл санаа тавгүйтэж эрүүл мэнд доройтсон байх) илэрвэл сэтгэл засалчид хандах хэрэгтэй. Сэтгэл засалчид хандах ёстой асуудлаар амьдралын көүчид хандаад үйлчилгээ авч чадсангүй гэж буруутгах боломжгүй гэсэн үг юм.

Үйлчлүүлэгчийн зорилгыг сонсоод көүчинг үйлчилгээ биш харин сэтгэл засалч эсвэл өөр мэргэжлийн хүнд хандахыг зөвлөх нь көүч хүний үүрэг, мэргэжлйн ёс зүйн хэм хэмжээнд тохирох үйлдэл билээ.

Хэрэв көүч хүн сэтгэл засалчийн дүрд тоглож, зөвлөгөө үйлчилгээ санал болговол үйлчлүүлэгч мөн ёс зүйн хороонд хандан көүчийн талаар гомдол гаргах эрхтэй байдаг. Тийм учраас үйлчилгээ өгөх гэж буй көүчөө сонгохдоо салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эсэх, мэргэжлийн сургалта хамрагдаж туршлагатай болсон эсэхийг заавал шалгаж хэвшээрэй.

Амьдралын көүчтэй хамтран ажиллах боломжууд

Амьдралын көүчтэй уулзсаны дараа тулгараад байгаа асуудлаа өөр өнцгөөс харж, гарц гаргалгааг өөрөө олж мэдэх боломжтой. Зорилгодоо хүрэхэд өөрөөс хамаарах бүхий л боломжоо харж, өөдрөгөөр урагшлах тэр хаалгыг хамтдаа нээж чаддагт көүчинг үйлчилгээний давуу тал оршдог. Одоо байгаа нөхцөл байдлаас тавьсан зорилгодоо хүрэхэд хэдий хэрийн зай байгааг тодорхойлон алхам алхамаар урагшилсаар дараах үр дүнг харах боломжтой.

  • Ажил амьдралын тэнцвэрээ олох
  • Өөрийгөө өөрчлөхөд тулгараад байсан айдсаасаа салах
  • Бүтээлч сэтгэлгээ нэмэгдэх
  • Санхүүгийн хувьд эмх цэгцтэй болох
  • Харилцааны ур чадвар сайжрах
  • Ажил амьдралдаа сэтгэл хангалуун болох
  • Гэр бүл, найз нөхдийн харилцаанд эерэг өөрчлөлт гарах гэх мэт

Мөн хүмүүс багийн ажиллагаанд көүчинг үйлчилгээг сонирхдог. Гарааны бизнес эхлүүлэх үед зорилгодоо тууштай хүрэхийн тулд хамт ажиллахаар сонгосон хүмүүстэйгээ көүчинг үйлчилгээ авч цугтаа хаа хол хүрэхээ тооцоолж, нэгэн зүгт харж чаддаг.

Туршлагатай сайн көүч үйлчилгээ өгөх явцдаа таны гацсан газрыг мэдэрч зөв чиглүүлж чаддаг.

Амьдралын көүчөө сонгохоосоо өмнө дараах зүйлийг хийж хэвшээрэй.

  • Таны сонгох гэж буй көүч салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн үү? International Coaching Federation байгууллага мэргэжлийн көүч болохыг илтгэх итгэмжлэл олгодог. Энэ байгууллагад харьяалалтай, хамтран ажилладаг буюу хүлээн зөвшөөрөгдсөн олон сургалтын байгууллага байдаг. Таны үйлчилгээ авах гэж буй хүн албан ёсны сургалтад сууж ёс зүйн хичээлийг судалсан уу гэдгийг шалгаарай. Цаашлаад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтыг давж эрхээ авсан эсэхийг эндээс шалгаж болно.
  • Нүд ирмэх зуурт харагдах өөрчлөлтийг көүчээс хүлээх хэрэггүй. Көүч хүн танд төлөвлөж, асуудлаа тодорхойлж, зорилгодоо хүрэхэд хийх алхамаа тооцох боломжийг өгдөг. Зорилгодоо хүрэхэд тодорхой хугацаа хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.
  • Сонгох гэж буй көүч таны зорилгод нийцэх үү? Бүх көүчийн туршлага адил биш. Өөрийн зорилго, нөхцөл байдал зэрэгт яв цав тохирох көүчийг сонгоорой.

Өөрийн амьдралдаа өөрчлөлт хийж, зорилгодоо хүрэх хүсэлтэй бол мэргэжлийн көүчтэй ярилцаад үзээрэй. Танд амжилт хүсье!

Leave a Reply