Killing Commendatore by Murakami

Юу чамайг аз жаргалтай болгодог вэ гэж өөрөөсөө асууж байсан уу? Ихэнх хүмүүс мөнгө л гэдэг юм. Мэдээж, мөнгөөр маш олон зүйлийг авч болно. Зарим хүмүүс гэр бүл маань гэх байх, харин зарим нь ганцаардал гэж магадгүй. Энэ зураач харин гэнэт эхнэртээ хаягдаад аз жаргалтай байсан эсэх, амьдрал нь яажшуухан үргэлжилж байснаа эргэн бодож орох оронгүй баахан тэнүүчилсээр эцэст нь буйдхан газарт өвгөн зураачийн урланд ирж өөрийгөө олж буй тухай өгүүлнэ.

“Educated” by Tara Westover

Тарагийн “Боловсорсон” түүхийг уншихын өмнө хичнээн зуун мянган долларын үнэтэй боловсролыг нэгэн ядуу охин олж авсан байх гэж бодоод тойроод л байсан юм. Харин уншихад хэцүү бас буцаагаад тавихад ч хэцүү энэ номын сүүлийн хуудсыг хаахад тэс өөр бодолтой үлдсэн юм.

“Hitman Anders and the meaning of it all” by Jonas Jonasson

Энэ хэдийн хөгтэй явдал ар араасаа хөвөрч би гэж хүн Шведийн цагдаа хүчний байгууллага, сүм хийгээд тэнд цугларагсдын янз байдал, өнөөгийн нийгмийн эрээн бараан, мөнгө улаан нүд цагаан явдлыг уншиж жаал инээж авлаа.

“The Spy” by Paulo Coelho

Сохор ч зоосгүй Парис хотноо ирсэн ч хэдхэн сарын дараа хотын хамгийн алдартай хүүхэн болж чаджээ. Дорнын эмэгтэйн дүрд хувиран уян налархай бүжиг, нүцгэн биеэрээ баян эрчүүдийг өөртөө татсан нь түүний нууц бололтой. Өөрийгөө Ява арлаас гаралтай Ази бүсгүй гэхэд цагаан арьст эрчүүд улам их сонирхон нэг хөнжилд орохын тулд хүссэн бүхнийг нь өгдөг байж. Гэвч түүний тухай энэ бүгд худал байгаад зогсохгүй ямар амьдралаас зугатаж ирснийг хэн ч мэдэхгүй.

Калил Гибран “Зөнч”

Алмустафа Орфалэс хотод 12 жил амьдраад эцэст нь орхин одох тэр өдөр ирэхэд хотын иргэд түүнийг зорин ирж “Та бидний дунд онгод болон амьдрахад сүүдэр тань бидний нүүрэн дээр гэрэл мэт туссан билээ. Бидэн дунд чимээгүйхэн оршихдоо уйлахыг минь сонсож, инээхийг минь харж бүх л үнэнийг мэдсэн. Төрөхөөс үхэх хүртэл амьдралын үнэнийг бидэнд өгүүлээч. Түүнийг үеийн үед үр хүүхэддээ ярьж өгөх болно” гэж гуйсан болохоор Зөнч амьдралын тухай 26 үнэнийг өгүүлжээ.