Одоо ч Ирмүүний хадан хавцалд үүр цайлгаж байгаа тэр төрх, хөлдөж үхэхгүйн тулд, унаж үхэхгүйн тулд суугаагаараа өглөөг угтаж байгаа тэр хөдөлгөөн бүр яг л кино үзсэн мэт тодоос тод үлджээ.
Пауло Коелогийн `Adultery` гэх зохиолд хамтын амьдралынхаа дараагийн түвшинд гарах гэж тэмцэж, шаналж, гутарч яваа эмэгтэйн тухай гардаг. Линдад бүх зүйл байх хэдий ч сэтгэлийн таашаал авах юу ч үлдээгүй, түүнийгээ хайсан эрэл нь эргээд өөрийгөө хайх эрэлтэй огтлолцож, эрснээ олсноор зохиол дуусдаг.
Ирмүүн ч мөн адил. Хүн өөрийгөө хайж олно гэдэг аз жаргалаа олсноос ялгаагүй. Гэхдээ энэ хоромхон зуурын сэтгэл хөдлөл, биеийн таашаал огтоос биш. Энэ бол амьдралын утга учир. Өөрийгөө хайх эрлийг эхлүүлэхэд тийм ч хэцүү байсангүй. Эцэг эхийн нутаг болох Сутай хайрханд очих нь зүгээр ч нэг шийдвэр бас биш байлаа. Гэр бүлийнхээ хүмүүсийн тав тух, сэтгэлийн амрыг бодож өөрийгөө золиослосон ээжийгээ хааяа өрөвдөх ч өнгөрсөн бүхнийг эргүүлээд авчирч чадахгүй болохоор зүүдэндээ л хааяа ижийтэйгээ уулзана. Уулзах уулзахдаа харин Сутай хайрханы орой дээр уулзана.
Уул хадаар гэр хийсэн, туршлагатай сайн ахад амь нас, хүсэл мөрөөдлөө даатгаад, сонирхол нэгт бас нэг залуутай хамт Сутай хайрханд авирсан анхны аялал түүнийг сорьж, өөрөө өөртөө хэн бэ гэдгээ харуулсан том алхам байлаа. Үүнийг дагаад амьдралыг, хүмүүсийг, эр нөхрөө, ээжийгээ ойлгох сэтгэл өөрчлөгдөн уулын хүн болохоор эргэлт буцалтгүй шийднэ.
Анхны аяллын үеэр Хайрханы бэлд нутаглах нутгийн ахтай дотно танилцсан нь түүнд хожмоо өөрийгөө Сүүтэй уулын савдаг байснаа мэдэх боломжийг олгоно.
Бразилын зохиолчийн гол дүр Линдагийн адал явдал хот газар, соёлт нийгэмд өрнөх бол Ирмүүний адал явдал харин ууланд, хөдөө нутагт өрнөнө. Линда бүсгүйн хамгийн сүүлийн гарц нь эр нөхөр нь байдаг бол Ирмүүн бүсгүйд уул ус нь байжээ.
Маш сонирхолтой, адал явдлаар дүүрэн энэ зохиолыг өөрийгөө хайсан танд санал болгож байна.