Технологийн компанид ажилд орсноос хойш амьдрал өдөр бүр надаас ямар нэг асуудалтай нүүр тулгарахыг шаардаж байлаа. Харин энэ “тулгалт” сүүлийн нэг сард айхтар хүчтэй ирэх болсон юм. Учир нь урдах ажлаа хийчихээд, илүү цаг гарахад нь сонирхсон зүйлдээ цаг зав гарган, маркетинг хөгжүүлэлт дээр анхаарч ажилладаг байсан өнөө “сайхан” өдрүүд ард хоцорч энэ айлын гишүүн болгоны амьдралын төлөө, ар гэрийн нь аз жаргалын төлөө, хийж бүтээж буй алив зүйл маань хэн нэгэнд хэрэг болж, үр шимээ өгч байхын төлөө ажиллах хүндхэн хэр нь сорилт бүхий ажил эхэллээ. Удирдагч болно гэдэг, хүмүүсийг удирдан гайхамшгийг бүтээнэ гэдэг амаргүй болохыг найзуудаасаа олон удаа сонсож, тэднээр бахархаж, хийсэн бүтээснийг нь биширч байсан бол одоо тэдэн шиг ажиллах, сэтгэх шаардлага гарч байна.
- Тавдугаар түвшний удирдагч болно гэдэг над шиг дааж давшгүй зүйл сэтгэж явдаг хүн зориод байх зорилго мөн үү гэж өөрөөсөө асуулаа. Эсвэл процессыг том зургаар нь хараад ирэхээр аажмаар “humble” болдог юм болов уу? Хувь хүний амжилтаасаа илүү байгууллагын эрх ашгийг тавьдаг учир дөрөв дүгээр түвшний удирдагчаас ялгаатай хэрэг. Байгууллагын тогтвортой ажиллагаа, ажилчид болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг урдаа тавиад ирэхээр өөрийнхөө тухай мартаж, үйл хэрэг маань миний өмнөөс яриад эхлэх тэр үе ирэх байх даа.
- Автобус хаашаа явах нь чухал биш, автобусанд хамт суух хүмүүстэйгээ хаашаа явахаа шийдэх нь чухал гэж зохиогч бичиж. Саяхан нэг хүнээс би “Чи манайд ажилд ороод юу хийвэл аз жаргалтай байх вэ?” гэж асуусан юм. Гайхсан байх л даа. Гэхдээ энэ маш чухал. Хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ дурласан хүн юуг ч бүтээж чаддаг.
Дээр үед миний нэг ажил олгогч надад “Ажилтныхаа сэтгэл, түрийвч хоёрыг дүүрэн байлгавал тэд чамд ид шидийг бүтээж өгнө” гэж хэлж байсан санаанд ороод ингэж асууж үзсэн юм.
- Үнэндээ нэг салбараас нь нөгөөд нь шилжсэн шилжилт байлаа миний хувьд. Хариуцан ажиллаж байсан салбар минь хөл дээрээ тогтоод ирэнгүүт манайхан ийм шийдвэр гаргасан хэрэг. Нөгөө салбар маань муугүй хэдий ч өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт энд бас давтагдах учиртай. Бодит нөхцөл байдлаа ойлгох бол гашуун хэр нь үнэн зүйл. Үүнийг зөвөөр ойлгож, дүгнэлт гаргаад цааш хөдлөхөд өөдөөс ирэх эрсдлийг даахад бэлэн гэсэн үг.
- За энэ “зарааны арга” бол ёстой надад эхэндээ хэцүү санагдаж байлаа. Үзэлцвэл үзэлцчихдэг хүнд жанжин шугамаа алдалгүй урагшлана гэдэг амаргүй. Гэвч байгууллагын алсын хараа, зорилгоо тодорхой болгон, тэсвэр заан зорилгодоо хүрэхийн тулд “зарааны онол” зайлшгүй хэрэгтэй юм байна.
- Байгууллагынхаа “гоё” соёлыг эвдэлгүй ирсэн бүрт үргэлжлүүлэн түгээн авч явна гэдэг ур ухаанаас гадна үнэнч зан, илэн далангүй чанар хэрэгтэй гэдгийг өмнөх удирдагдлагуудаасаа харж байлаа. Угаас технологийнхон дуу цөөтэй, баргийн юманд хүний урдуур орж бүтэлгүйддэггүй учир итгэл хүлээлгэхэд амар. Тиймээс зөв хүмүүстэйгээ, зөв зүйл хийж, зөв аргаар төлөвлөсөн байхад хол явах нь гарцаагүй.
Жирийн нэгэн Монгол компанийг үндэстэн дамнасан корпораци болгоно гэж мөрөөдөх биш нэгэнт ирсэн сайн тогтолцоо, сайхан соёлыг, оновчтой ажиллагааг, халуун дулаан хамт олныг алдалгүй, олон хүний амьдралыг сайнаар өөрчилсөн “агуу” компани болгохыг зорин найман жилийн өмнө уншсан номоо дахин нэг сөхөн харснаа ийнхүү сийрүүллээ.