Америкийн газар зүйч, антропогич, түүхч, зохиолч Jared Diamond-той хоёр дах удаагаа таарч байна.
Олон жилийн өмнө нэгэн Индонез найзын ярьсан зүйл намайг түүний бүтээлүүд рүү хөтөлсөн юм. Хөдөөгийн хөх өвгөн, саалийнхаа захад суух айлын эмээ гэхэд ямар ч Монгол хүний сэтгэлд ойр. Тэгвэл найзын минь хувьд дал модны сүүдэрт хоолны амтлагч навч зэргээ чулуун хавтан дээр чамбай гэгч нь нүдэж суух гялгар бор эмээ, саландаа суугаад загасанд явсан өвөө гэвэл нэг л дотно. Өвөг дээдэс, бидний эмэг эх, элэнц хуланц хэн байсан бэ? Бид яагаад мэдэх хэрэгтэй вэ? Бид яагаад тэдний хэн байсныг нь сонирхох хэрэгтэй? Судалж, суралцаж, бусаддаа түгээх хэрэгтэй вэ гэдгийг түүний The World Until Yesterday номноос илүү сайн ойлгох байх.
Энэ номыг (The World Until Yesterday) уншсаны дараа Тайваны Тайпэй хотын ойролцоо орших Wulai гэх дүүргийн нутагт орших Atayal (Таяа) омгийн музей үзэж яваад уугуул иргэнтэй танилцаж эмээгийнд нь хонох завшаан таарсан юм. Хүрхрээ өнгөрөөд уулын урд энгэрээр амьдрах урт гэзэгтэй, өнгөлөг хувцастай хүмүүсийн омог отог гэмээр хэсгийн хамгийн ганган байшинд утаа майр тавьсан нэгэн эмгэнд намайг танилцуулж билээ. Бодвол гадаад хүн л гэсэн байх, хацар нүүрийг минь илж, гарнаас чанга атган, харанхуй ангал мэт хоосон амаа нэг их том ангайлган инээх тэр эмээ нас сүүдэр 100 гарсан. Залуудаа хийлгэсэн хацар дээрх Adidas -ийн лого аятай шивээс он цагийн эрхээр үрчлээ дунд атиралдан нуугдах ч хэдхэн цагийн өмнө музейд харсан хацар дээрээ шивээстэй, шийдэмгий харцтай, дайчин бүсгүйн төрх бас л байна. Харийн хүн намайг хөтлөн ирсэн нь түүний ач охин байж. Монгол хүн гэж хэлсэн бололтой, эмээ ч гар тавих янзгүй. Хэл нэвтрэлцдэгсэн бол их л юм ярих байсан даа бид хоёр. Охин орчуулж өгөх янзгүй орж гарч гүйсээр. Утасны цэнэг унтарсан болохоор эмээ бид хоёрын зураг гэж үлдээгүй ч музейд дарсан хэдэн зурагтай адил түүний төрх одоо ч миний санаанд тодхон.
Холын зочноо гахайн махан хоол, хуурсан ногоо, архиар дайлсандаа их л додигор суух эмээ надаас ер нь харц салгаагүй. Эндээс авч гарсан хүрэн бор түрийвчээ бэлэглэхэд надад жижигхэн ээмэг зөрүүлж өгөв. Эмээгийн урласан улаан эрээн уутыг ач охин зах дээр наймаалдаг гэнэ. Би ч эмээгийн бизнесийг дэмжиж авах санаа хэлтэл халгаасангүй, зүгээр өгнө гэнэ. Гараа атгалцаж, харц тулгарахдаа инээмсэглэсээр бүрий болоход ач охин намайг зочны байшинд хонуулсан юм. Харин өглөө эрт эмээ намайг сэрээж хоол цай болсон доо. Нэг ч үг солихгүй хэр нь эмээгийн харц, үйлдэл, хөдөлгөөн, алхаа гишгээ бүр надтай ярьж байсан байх.
Хожмоо би нөгөө номыг дэлгэхэд Atayal (Таяа) омгийн эмээгийн амьдралыг дахин унших шиг болсон доо.
Энэ зун харин Хонг Конгд явж байхдаа Jared Diamond-ийн Upheaval: Turning Points for Nations in Crisis гэх номыг олж авсандаа олзуурхан, амтархан уншиж саяхан дууслаа.
Дэлхийн эдийн засгийн хямрал, улс орны улс төрийн хямрал, аймаг сумын байгалийн гамшигаас үүдсэн хямрал, айл гэрт тохиолдсон гашуун хагацлаас үүдсэн хямрал, хайртай хүндаа хаягдсан залугийн хямрал гэх зэрэг бид ХЯМРАЛ гэх үгийг хаа сайгүй л сонсдог. Энэ ном ч мөн адил хямралын тухай, хямрал хэрхэн бие хүнд, нийгмийн бүлгүүдэд, улс оронд нөлөөлдөг, түүнээс хэрхэн гарсан тухай сонирхолтой баримт бүхий бүтээл. Зургаан орныг сонгон авахдаа тэр зүгээр ч нэг сонгоогүй бололтой. Өөрөө тэнд ажиллаж амьдарч байсан, таван орных нь хэлээр чөлөөтэй ойлголцдог түүний бүтээлийг дэлхий дахинаа уншиж байна.
Финлянд, Япон, Чили, Индонез, Герман, Австрали улсуудад ямар хямрал нүүрлэсэн болох, хэрхэн түүнийг өөрсдийн онцлог, үнэт зүйл, хүн зоны сэтгэлийн тэнхээ, бодлогоор давсан тухай л юм. Алдаатай оноотой түүхэн үйл явдлууд ямар ч улс орны яаж ч самарч хөвөрч болно.
Мэдээж бусад уншигчдын адил би Финляндын жишээг дурдмаар байна. Хэдхэн сая хүн амтай улс, дэлхийн 2р дайны дараа ЗХУ-ын хараат болчилгүй үлдсэн тухай, удирдагчдын алсыг харсан шийдвэр, амлалт, хэлэлцээр, өнөөгийн Финлянд улс болон оршин тогтнох болсон бүхий л эхлэл, инноваци, нийгмийн бодлого зэргээс гадна яагаад Финлянд хүмүүс эх хэлээрээ, түүхээрээ, соёлоороо бахархдаг тухай эндээс мэдэж авсан юм.
Номын сүүлийн хуудсыг хаагаад Монголынхоо тухай ч бас бодов. Бидний хямрал юу вэ? Монгол хүмүүст ямар айдас, ямар том хямрал байна вэ гэж эрхгүй бодсон юм.